Share Twitt Share

Б.ХАЛИУН: ХҮҮХДИЙН НЭР ТӨР, ЭРХ АШГИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХГҮЙГЭЭР МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН НИЙТЭД ЦАЦАЖ БАЙГАА НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ЁС ЗҮЙГҮЙ ҮЙЛДЭЛ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиунтай ярилцлаа.


-Бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой цочирдом мэдээлэл сошиал орчинд түгэх боллоо. Ер нь хүүхэдтэй холбоотой мэдээлэлд хэрхэн хандах ёстой юм бэ?

-Монгол Улсын Хувь хүний нууцын тухай хуульд "Хувь хүний нууц" гэж Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ” гэсэн байдаг. Ялангуяа, бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон хүүхдийн мэдээллийг сошиал орчинд төдийгүй тухайн хүүхдийн амьдарч байгаа орчинд, сургууль дээр задруулснаар хүүхдэд учрах эрсдэлийг нэмэгдүүлж, бусад эрхийг зөрчдөг. Үүнээс гадна олон нийтийн зарим хэсэг нь айдаст автах, нөгөө талдаа бага насны хүүхдийг хүчирхийлж болох юм байна гэсэн сэдэл төрөх эрсдэлтэй. ЦЕГ-аас сүүлийн гурван жилийн байдлаар бага насны 672 хохирогч бэлгийн хүчирхийлэлд өртлөө гэсэн мэдээлэл гаргасан. Үүнээс энэ оны хагас жилийн байдлаар 162 тохиолдол бүртгэгдсэн байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нийгэмд ихсээд байна уу гэсэн эргэцүүлэл олон нийтийн дунд бий болж буй. Иргэдийн зүгээс ч энэ асуудлын өмнүүр дуугүй өнгөрч болохгүй юм байна гэсэн хандлага сүүлийн хоёр жилд өөрчлөгдөж эхэллээ. Урьд нь айл гэрийн маргаанд оролцоод яахав, эр эмийн хооронд илжиг бүү жороол гэх мэт хандлагаар дуугүй өнгөрдөг үзэгдэл байсан шүү дээ. Харин одоо хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийг мэдээлэх үүрэгтэй гэдгийг харьцангуй ухамсарласан. Хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн эмч, багш, нийгмийн ажилтан төдийгүй иргэн, айл хөршийн зүгээс хүүхдийн эрхийн зөрчил, хүчирхийллийг холбогдох байгууллагад нь мэдээлж, таслан зогсоохгүй бол үүний цаана нэг хүний амь нас аюулд орох эрсдэлтэйг ойлгож, хариуцлагатай хандах байдал ажиглагдаж байна.

-Өмгөөлөгч Р.Булгамаа ковидын үеэр таван настай охиныг таван сарын турш өвөө нь хүчирхийлсэн гэж мэдээлсэн. Энэ хэргийн талаар тодруулахгүй юу?

-Сүүлийн үед хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаарх мэдээллүүд хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд нэлээд цацагдаад байна. Хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэхдээ болгоомжтой, ёс зүйтэй, цензуртэй хандах ёстой. Эцэг эх, асран хамгаалагч болон хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагын нийгмийн ажилтан, эсвэл сэтгэл зүйч мэдэж байгаа юу, мэдээллийг цацах болсон шалтгаан, зорилго нь юу вэ гэх мэтээр бид асуудалд нухацтай хандах хэрэгтэй. Хүүхдийн нэр төр, дээд эрх ашгийг эн тэргүүнд тавихгүйгээр мэдээллийг олон нийтэд цацаж байгаа нь хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж болно. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн нас, оршин суугаа хаягийг зарлах нь хүний эрх зөрчиж буй явдал.

-Тэгвэл хүүхэд хамгааллын тогтолцоог илүү боловсронгуй болгож, цаашид энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд ямар бодлого дутагдаж байна вэ ?

-Бид хамтарч ажиллах ёстой. 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хуулиар хүүхдийн эрхийг хангахад төрийн бүх шатны байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоог хуульчилж өгсөн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуульд “хүүхэд хамгааллын тогтолцоо нь Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан оролцогч талуудаас авч хэрэгжүүлэх бодлого, хамтын ажиллагаа, цогц үйлчилгээ, статистик мэдээлэл, санхүү, төсөв, мэргэшсэн хүний нөөцөөс бүрдэнэ” гэж заасан байгаа. Манай байгууллага гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүн амд үзүүлж буй нийгэм-сэтгэл зүй, хүүхэд хамгааллын үйлчилгээ, ялангуяа, хүчирхийллийн хохирогч болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хариу үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, ашиглах чадавхыг бий болгох, хүний нөөцөө чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарт урьд нь хүчирхийллийн хохирогч болсон хүүхэд үйлчилгээ авахын тулд оочер дараалал хүлээгээд л зогсдог байлаа. Орон нутагт эмч нар нь “хөөе тэр бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг дууд” гээд л коридорт зарладаг тохиолдол байсан. Харин одоо эрүүл мэндийн салбарт энэ хандлага өөрчлөгдсөн. Ер нь хохирогчийг буруутгах хандлага аль ч салбарт ажиглагддаг. Хүүхэд бол бусдын хайр халамж, дэмжлэг шаардлагатай онцгой субьект юм шүү дээ. Хүүхдийн болоод мэдээллийн нууцлалыг хамгаалах, хадгалах асуудлыг онцгойлон анхаарах ёстой. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн дуудлагын дагуу хэргийн газар дээр очиж ажиллаж байгаа цагдаагийн ажилтан энгийн хувцастай, дуут дохиотой техникийн хэрэгсэлгүйгээр очих хэрэгтэй байна. Учир нь сум, орон нутагт цагдаа очоод ажиллагаа явуулахад эргэн тойрны айл хөршүүд юу болов гэж сонирхож эхэлдэг, олж мэдсэн мэдээллээ цааш нь ам дамжуулан ярьдаг, мэдээлэл тархаж, хүүхдийн бусад эрх зөрчигддөг, хохирогчоо хохироох эрсдэл үүсч болзошгүй гэх мэт асуудлыг анхаарч хүүхдийн асуудалд мэдрэмжтэй хандмаар байна.

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд танай төвд хандаж байна уу. Өнөөдөр ямар ч хүүхэд гар утсаараа 108 руу залгаад мэдээлэл өгөх боломжтой болсон шүү дээ?

-Сүүлийн гурван жилийн байдлаар Хүүхдийн тусламжийн 108 утас руу хүүхэд өөрөө хандаж цахим орчны зохистой хэрэглээний талаар зөвлөгөө авах, цахим орчны дарамт, дээрэлхэлттэй холбоотой дуудлага, мэдээлэл өгөх хандалт тогтмол өсч байгаа.

Манай Улсын нийт хүн амын 99.9 хувь нь гар утасны хэрэглэгч гэсэн судалгаа бий. Эндээс дүгнэхэд гар утас, интернэт хэрэглээ өндөртэй гэдэг нь харагдаж байна. Манай байгууллагаас 2018 онд хийсэн “Өсвөр үе ба цахим хэрэглээ” судалгааг улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 11-17 насны 2240 хүүхэд, 378 эцэг эх, 404 багш, нийгмийн ажилтнуудыг хамруулан хийсэн. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн дийлэнх буюу 92 хувь нь интернэт хэрэглэдэг. Харин 2-3 аккаунттай хэрэглэгч 87 хувь бөгөөд хамгийн түгээмэл ашигладаг нийгмийн сүлжээ нь фэйсбүүк байсан. Хүүхдүүдийн 85 хувь нь интернэт хэрэглээг бие даан суралцсан гэсэн үр дүн гарсан.

Эцэг эхийн 67 хувь, багш, сурган хүмүүжүүлэгчдийн 79 орчим хувь нь цахим орчны зохистой хэрэглээний талаар өөрсдөө мэдлэг, мэдээлэл багатай, хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд хяналт тавьж, зөвлөдөг эцэг эх 42 хувь, огт хяналт тавьдаггүй 16 хувь байсан. Энэхүү судалгааны үр дүнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг байгууллагатай хуваалцаж, 2018 оноос хэд хэдэн ажлыг байгууллага бүр чиг үүргийн хүрээнд төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, цахим орчны зохистой хэрэглээний талаар хүүхэд, өсвөр үе, эцэг эх, олон нийтэд ойлголт өгөх, цахим орчны дарамт, дээрэлхэлт, хүчирхийллийг таньж мэдэх, мэдээлэх, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаас гадна Харилцаа холбооны зохицуулах хорооноос хэрэглэгчийн шүүлтүүрийн программыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдээ буруутгах хандлагаас татгалзаж, цахим орчны зохистой хэрэглээний талаар уншиж судлах, хамтдаа суралцах, хүүхдэд тулгамдаж байгаа асуудлын талаар нухацтай ярилцаж мэргэжлийн байгууллагад хандах зэргээр хариуцлагатай байх хэрэгтэй.

-Ерөөс бие махбод болон сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн бүдэг ойлголт л иргэдэд бий. Тэгвэл хүчирхийллийн төрөл хэлбэрийг хэд хуваадаг юм бол?

-Хүүхэд хамгааллын тухай хуулиар “хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж санаатай, эсхүл санамсаргүйгээр хүүхдийн амь нас, эрүүл мэнд, хөгжил, бие махбод, сэтгэл санаанд хор хохирол учруулах үл хайхрах байдал, бэлгийн зүй бус үйлдэл болон бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамтыг хэлнэ” гэсэн байгаа. Сүүлийн гурван жилийн байдлаар хүчирхийлэлд өртөж хохирсон нийт хүүхдийн 58 орчим хувь нь үл хайхрах хэлбэрийн хүчирхийлэлд, 30 гаруй хувь нь бие махбодын болон сэтгэл санааны хүүчирхийлэлд, 10 орчим хувь нь бэлгийн хүчирхийлэлд өртөж хохирсон байдаг. Хүчирхийлэл үйлдэгчдийн 80 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагч, эмээ өвөө, ах эгчийн зүгээс хүүхдийн эсрэг хүчирхийллийг үйлдсэн байдаг. Орчноор нь авч үзвэл 69,9 хувь нь гэр бүлийн орчинд хүүхдийн эсрэг аливаа хэлбэрийн хүчирхийлэлд өртөж хохирч байна.

-Мэдээж түр хамгаалах байранд ирсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ, сэтгэл зүйн засал зэрэг арга хэмжээ авдаг байх?

-Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн бүтэц, нэгжийг 2017 онтой харьцуулахад гурав дахин нэмэгдүүлсэн. Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 13 нэг цэгийн үйлчилгээний төвөөр энэ оны найман сарын байдлаар 1240 гаруй хүүхэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ авсан. Үүнээс 715 хүүхэд манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байраар үйлчлүүлсэн ба нийт ачааллын 57,3 хувийг эзлээд байна.

Нэг цэгийн үйлчилгээний төв нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээ, эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй 24 цагийн турш нэг цэгээс үзүүлэх чиг үүрэгтэй ажилладгаараа онцлогтой.

-Түр хамгаалах байр нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор түр хамгаалан байрлуулах үйлчилгээг үзүүлдэг бөгөөд байрны байршил нууцлалтай байх ёстой. Манай агентлагийн дэргэдэх Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байр 22 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боловч өдөрт дунджаар 34-41 хүүхдэд үйлчилгээ үзүүлж, 1,5-2 дахин их ачаалалтай ажилладаг. Энэ он гарсаар 715 хүүхдэд үйлчилгээ үзүүлсэн. Түр хамгаалах байранд ирсэн үйлчлүүлэгчийг сэтгэл зүйч тайвшруулж, айдас түгшүүр, хямралын түвшинг бууруулах, тодорхойлох, нийгмийн ажилтан хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээ болон бусад үйлчилгээнд холбон зуучилж ажилладаг. Тухайлбал,үйлчлүүлэгч хүүхдээ яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамруулж, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, ГССҮТ, харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд үзүүлж оношлуулах, улмаар тухайн хүүхдийн ханиад томуу нь хүндэрсэн, уушгины хатгалгаа болчихсон, эсвэл харшил нь хүндэрчихсэн,бэртэж гэмтсэн оноштой, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай бага насны хүүхдийг туслах нийгмийн ажилтан сахиж эмчлүүлж байна. Түр хамгаалах байранд байх хугацаанд боловсролын үйлчилгээг тасалдуулалгүй хүргэхийн тулд Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллах, хөгжлийн хөтөлбөр зохион байгуулах, нярай болон бага насны хүүхдээ асрах, сувилах, хооллох, усанд оруулах гэх мэтээр ажлын ачаалал ихтэй, хүн хүч ч дутмаг байна. Энэ оны зургадугаар сард Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт шинээр түр хамгаалах байр байгуулсан, удахгүй үйл ажиллагааг эхлүүлнэ. Ирэх онд Сонгинохайрхан, Багануур дүүрэгт түр хамгаалах байр ашиглалтад орно.

-Тэгвэл түр хамгаалах байранд хамгийн дээд талдаа хэдэн сар байрлах боломжтой вэ?

-Тухайлбал, манай агентлагийн харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны дүрэмд 72 цагаас 168 цагийн хугацаанд хохирогчид аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ үзүүлэхээр заасан. Гэсэн хэдий ч сүүлийн гурван жилд үйлчилгээ авсан нийт хүүхдийн 90 орчим хувь нь долоо хоногоос зургаан сарын хугацаанд байрласан, 10 орчим хувь нь долоон сараас 1,3 жил болсон байдаг. Учир нь хамтарсан баг, аймаг, нийслэл, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсээс тухайн хүүхдийн гэр бүлтэй ажиллаж, гэр бүлийн орчинд эрсдэл буурсан, гэр бүлд нь эргэн нэгтгэх боломжтой гэсэн сум, хорооны Хамтарсан багийн дүгнэлт, хурлын шийдвэр гарсны дагуу эргэн нэгтгэл хийгддэг. Зарим тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийн зан үйлд эерэг өөрчлөлт гараагүй, хүүхдийн эрхийг удаа дараа зөрчсөн бол хамтарсан багийн дүгнэлт, аймаг, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хүүхдийн асрамж, халамжийн төв рүү холбон зуучилж шилжүүлж байна. Мөн Шүүхийн шийдвэрээр эцэг эх байх эрхийг хасч, хүүхдийг асрамж халамжийн төвд асарч хүмүүжүүлэх шийдвэр гарсан бол шийдвэрийн дагуу холбон зуучлал хийгддэг.

-Хүүхдийн хөгжил төлөвшилд орчин нөхцөл хамгийн ихээр нөлөөлдөг гэдэг?

-2018 онд зохион байгуулсан Хүүхдийн оролцооны үндэсний зөвлөгөөнд оролцогчдоос гарсан хамгийн чухал гэж эрэмбэлсэн асуудал бол төрөөс “Бидэнд ээлтэй хөгжих орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь чухал байна”. Нэн ялангуяа хүүхдүүд бидэнд чөлөөт цагаа цахим тоглоомын газарт биш хүүхдийн хөгжлийн ордон, төвд өнгөрүүлж, хөгжих боломж нөхцөлийг бүрдүүлж өгөөч гэсэн байдаг. Мөн шинээр баригдаж буй гэр хороолол, орон сууцны дахин төлөвлөлтөд хүүхдийн тоглоомын талбай, хүүхдийн хөгжлийн ордон, спорт танхим гэх мэт бүхий л зүйлийг цогцоор шийдэж байх саналыг хүүхдүүд маань дэвшүүлсэн.

-Цаашдаа цоожтой хаалганы ард үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Гэтэл өрх бүртэй тулж ажиллана гэдэг хэцүү болов уу?

- Анхан шатанд ажиллаж байгаа хамтарсан баг маань айл өрх бүрээр явж судалгаа мэдээллээ сар болгон шинэчлэх ёстой. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгаж, 72 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг хийж, үйлчилгээний төлөвлөлт гаргаж ажиллах ёстой. Эрсдэл өндөртэй дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шуурхай ажиллаж, аюулын зэргийн үнэлгээ хийж, хүчирхийллийг таслан зогсоох ёстой.

Манай агентлагийн дэргэдэх Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт дунджаар 250-400 орчим дуудлага мэдээлэл ирдэг. Нийт дуудлагын 20,1 хувийг хүүхэд хамгааллын дуудлага эзэлдэг. 63 дуудлага тутамд нэг хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага ирж байна. Хүчирхийлэл, зөрчлийн дуудлагыг 21 аймаг, нийслэлийн ГБХЗХГ-т программаар шилжүүлж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан үйлчилгээ үзүүлж байна. Төрийн байгууллагууд өөр өөрийн чиг үүргийн хүрээнд үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа хэдий ч анхан шатанд ажиллаж байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн орон тоо үнэхээр дутагдалтай, хороон дээр 10 мянган хүн амд нэг нийгмийн ажилтан ажиллаж байна. Бид анхан шатанд ажиллаж байгаа хүний нөөцөө нэмэгдүүлж, үйлчилгээний хүртээмжээ сайжруулах шаардлагатай байгаа юм. Олон улсын жишгээр нийгмийн ажилтан жилд хамгийн дээд тал нь 20 кейстэй л /хэргийн тохиолдол/ ажиллаж байна. Одоогийн байдлаар манай аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/хэлтсийн хүүхэд хамгааллын нэг мэргэжилтэн дунджаар 63 кейс /хэргийн тохиолдол/ дээр хувийн хэрэг нээн ажиллаж байна. Энэ нь мэргэжлийн нийгмийн ажилтны бүтэц орон тоо дутагдалтай гэдгийг харуулж байгаа юм. Мөн нэг сэтгэл зүйчид 25 мянган хүн ам оногдож байна.

 Эх сурвалж: Өдрийн сонин, Сэтгүүлч П.Сайнжаргал