Share Twitt Share

“ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ”- СЭДЭВТ СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалтай гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг салбарын хүрээнд хамтын ажиллагаагаараа бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг өнгөрсөн есдүгээр сард байгуулсан.

 Хамтын ажиллагааны хүрээнд орон нутаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрууд Хуурай замын нэгтгэл, ангиудтай хамтран нийгэмд зөв үлгэрлэл үзүүлсэн залуучууд байх, нийгмийн идэвхтэй гишүүн байх, сайн хань, сайн эцэг, эх байх талаас нь уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулсан.

Энэ ажлын үргэлжлэл болгож Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалын анги нэгтгэлүүдийн сургалт хариуцсан офицеруудад “ГЭР БҮЛИЙН БОЛОВСРОЛ” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар

  1. Байгууллагын “Эцэг эхийн зөвлөл” байгуулах арга зүй
  2. Гэр бүлийн боловсрол олгох, агуулга, арга зүй
  3. Гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн боловсрол, эрүүл мэнд
  4. Гэр бүлийн хүчирхийлэл, шалтгаан, үр дагавар, гарц боломж
  5. Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, эцэг эхийн үүрэг хариуцлага, гэр бүлийн оролцоо
  6. Хүүхдэд цэрэг – эх оронч хүмүүжил олгох агуулга, арга зүй, орон нутгийн цэргийн байгууллага, гэр бүл, хүүхдийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэл
  7. Хүүхэд хүмүүжлийн эерэг арга
  8. Цэргийн алба хааж буй залуучуудын хөгжлийг дэмжих үйл ажиллагаа, орон нутгийн цэргийн байгууллага, гэр бүл, хүүхдийн байгууллагын хамтын ажиллагааны чиглэл зэрэг мэдээллийг эзэмших юм.

 Цаашдаа нэгтгэл, ангиудын энэхүү бэлтгэгдсэн сургагч багш нар нэгтгэл, ангийнхаа бие бүрэлдэхүүн, хугацаат цэргийн албан хаагч, офицер, ахлагч нарт энэ сэдвээр сургалт явуулж, заавар, зөвлөгөө өгч, гэр бүлийн боловсрол олгох байнгын сургалт явуулах үүрэгтэй болох юм.

 Сургагч багш бэлтгэх сургалтын нээлтийн арга хэмжээнд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун, Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Иргэн-цэргийн харилцааны хэлтсийн дарга, хурандаа С.Төмөрхуяг, нарын албаны хүмүүс оролцлоо.

 Энэ үеэр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Манай хоёр байгууллага өнгөрсөн 9 дүгээр сард гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллыг салбарын хүрээнд хамтын ажиллагаагаараа бэхжүүлэх зорилгоор хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Өнөөдрийн сургалт хоёр байгууллагын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хийгдэж буй хоёр дахь арга хэмжээ болж байна. Өмнө нь бид батлан хамгаалахын салбарын 200 гаруй албан хаагчдад гэр бүл төлөвлөлт, гэр бүлийн харилцаа чиглэлээр мэдээллийг хүргэсэн.

 Бид тогтмол үйл ажиллагааг хамтын ажиллагаан дээрээ илүү онцлож байгаа нэг удаагийн сургалт, арга хэмжээгээр төгсгөхгүй цаашдаа ойрын хугацаанд өсвөр үеийнхэн, залуучуудад цэрэг –эх оронч хүмүүжил олгох зорилгын хүрээнд асрамж, халамжийн төвд амьдарч байгаа хүүхэд залуучуудад сургалт – аялал зохион байгуулах, цэргийн албанаас халагдаж байгаа залууст ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг үзүүлэх, офицер ахлагч нарт сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, цэргийн албанаас тэтгэвэрт гарч байгаа албан хаагчдад сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа хийхээр төлөвлөж байна.

 Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн асуудал гэхээр л зөвхөн манай байгууллагынх мэт нийгэмд хүлээж авдаг. Харин Хуурай замын цэргийн командлал үүнийг зөв талаас нь харж, бие бүрэлдэхүүнээ зөвхөн үүрэг биелүүлэх ёстой цэргийн хүн гэхээс илүү түүний гэр бүлийн төлөвлөлт, тогтвортой хамтын амьдрал, үр хүүхдийнх нь хүмүүжил, сайн эцэг, эх байх, угийн бичгээ зөв хөтөлдөг иргэн хүн байх талд нь анхаарч байгаад үнэхээр баяртай байна.” гэлээ

 Харин  бригадын генерал Б.Амгаланбаатар “Сургагч багш нарыг энэ цаг үед бэлтгэж байгаа нь учиртай. Нэгдүгээрт, сургуулийн жил 12 дугаар сарын 1-ний өдөр эхэлнэ, хоёрдугаарт, 2020 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага явагдаад удаагүй байна. Бэлтгэгдсэн сургагч багш нар нэгтгэл, ангиудынхаа шинэ сургуулийн жилд гэр бүлийн боловсрол, итгэлцэл, хүүхдийн хүмүүжил, угийн бичиг хөтлөх зэрэг сэдвээр бие бүрэлдэхүүндээ сургалт, ярилцлагуудыг явуулах ёстой. Энэ нь нэг удаа сургалт явуулсан болоод орхих асуудал биш. Нөхдөдөө сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж, харилцан ярилцаж, сэдэв бүрээр нь шат дараатай уулзалт, ярилцлагыг явуулах ёстой.  Нөгөө талаар хугацаат цэргийн алба хаагчдад гэр бүл төлөвлөлт, сайн эцэг байх, нийгэмд зөв үлгэрлэл үзүүлсэн залуу байх талд нь энэ сургалт чиглэгдэх ёстой” хэмээн онцолсон юм.

 Мөн хурандаа С.Төмөрхуяг “ЗХЖШ-ын Иргэн-цэргийн харилцааны хэлтэс нь нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай мөн яг энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа. Цэргийн алба хаагчдад гэр бүлийн боловсрол, үр хүүхдийнх нь хүмүүжил гэдгийг заавал ярьж хэлж байх ёстой. Хэдийгээр тангараг өргөсөн цэргийн хүн ч гэсэн тэд нийгмийн нэгэн гишүүн, бусдын хань, бяцхан хүүхдүүдийн аав ээж. Энэ талд нь чиглүүлсэн ийм төрлийн сургалтыг бид зохион байгуулж хэвшиж байгаа нь маш зүйтэй. Мөн үр хойчдоо өвлүүлэн үлдээх угийн бичгээ хөтөлж сурах нь хүн бүрийн үүрэг хариуцлага юм” гэсэн юм.

 Нээлтийн арга хэмжээний дараа ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг “Гэр бүлийн боловсрол” сэдвээр хичээл заасан бөгөөд хариуцлагатай аав, ээжийн үүрэг хэвлийд үр нь бүрэлдсэн цагаас эхэлдэг. Үр хүүхдээ зөв хүмүүжилтэй болгохын тулд ганцхан ээж нь, эсвэл аав нь зүтгэх асуудал биш юм. энэ бол хамтын ажиллагаа. Нөгөө талаар гэр бүлийн хүчирхийлэл гэхээр та бүхэн зодож цохих, хүчирхийлэх тухай л ойлгодог” зэрэг олон чиглэлээр харилцан харилцав.

 Үргэлжлүүлэн Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг “Гэр бүлийн харилцаа” сэдвээр сургалтын бүрэлдэхүүнтэй харилцан яриа хийсэн юм. Сургагч багш бэлтгэх сургалт гурван өдрийн туршид үргэлжилнэ.