Share Twitt Share

Гбхзхг-Аас “Ковид-19 Цар Тахлын Хөл Хорионы Үед Залууст Цагийг Үр Дүнтэй, Бүтээлч Өнгөрүүлэхэд Чиглэсэн Зайн Сургалтыг Зохион Байгууллаа

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор хүүхэд, залуусыг хөл хорионы үед тасралтгүй суралцах, хөгжих боломжоор хангах зорилгоор залуучуудын хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд тулгуурласан сургалт, олон нийтийн ажлыг цахимаар дамжуулан зохион байгуулах тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын тушаал батлагдсан юм.

Тэгвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газраас зарим төрийн бус байгууллагтай хамтран хэд хэдэн сургалтыг зохион байууллаа. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар Хувь хүний хөгжлийн Алсын Хараа институт НҮТББ-ын сэтгэл судлаач, багш нартай хамтран 2020 оны 11 дүгээр сарын 15-21-ний хооронд “Өнөр бүл” хүүхдийн төвийн хүүхдүүдэд ур чадвар, зан төлөвийн үнэлгээ, оношлогоо, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд, хүүхдийн мэргэжлийн чиг баримжаа, амжилт олох мэргэжлийн талбар, харилцааны болон багаар ажиллах, удирдах ур чадварын байдал, биеийн тамир спортын таарамжтай төрөл, эрүүл мэндийн эрсдэлт байдал, донтолт хамаарлын эрсдэл, зан ааш темперамент, нийгэмд биеэ авч явах чадвар, сэтгэлийн тэнхээ, өөрийгөө илэрхийлэх, нийгэмд биеэ авч явах төрөл, шийдвэр гаргах хэлбэр зэрэг нийт 14 төрөл зүйлээр оношлогоо хийлээ. Ингэснээр хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа, нийгэмд биеэ зөв зүйтэй авч явах, эрүүл зөв шийдвэр гаргаж сурах зэрэг зөвлөмжийг хүүхэд бүрт цаг гарган тайлбарлаж, зөвлөгөө зөвлөмжийг өгсөн юм.  

Мөн Ажил мэргэжлийн мэргэшсэн зөвлөхүүдийн холбоотой хамтран 12 дугаар сарын 15-24-ний өдөр Дорноговь, Өвөрхангай, Архангай, Дундговь аймгийн найман сумын 8-12 дугаар ангийн сурагчид, эцэг эхчүүдэд  “ТАНЫ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙ ТАНЫ СОНГОЛТООС” мэргэжил сонголтын 18 цагийн сургалт болон 14 хүүхдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох ганцаарчилсан зөвлөгөө үйлчилгээг амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөө, үйлчилгээг тус холбооны мэргэшсэн зөвлөх, сургагч багш Ш.Сосорбарам, МУИС-ийн Ажил мэргэжил судлалын магистрант Мөнхнайрамдал нар удирдан явуулсан. Цахим сургалтын зорилго нь хүүхдүүдийн мэргэжил сонголтод хамгийн их нөлөөлдөг эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх, хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод анхаарал хандуулах, мэргэжил сонголтод нь туслах, зөв чиглүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн бөгөөд хүүхэд залууст зориулж мэргэжлээ зөв сонгох нь яагаад чухал вэ, ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонгохдоо гаргадаг алдаа түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлээ буруу сонгохын хор уршиг, зөв сонгохын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.