Share Twitt Share

Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнуудыг халдвар хамгааллын багцаар хангаж байна

Өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр Монголын залуучуудын эвслийн "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөлтэй хамтран Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулж 76 мэргэжилтэнд Сайн дурын ажлыг орон нутагт мэргэжил арга зүйн удирдлагаар хэрхэн ханган ажиллах талаар арга зүйн дэмжлэг үзүүлсэн бол 219 сайн дурын ажилд оролцох хүсэлтэй 18-аас дээш насны иргэдийг Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтнаар бэлтгэлээ.
Сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, сайн дурын эргүүлийг ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, шаардлагатай тохиолдолд холбогдох байгууллагад уламжлах,зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Коронавируст цар тахал улс орон даяар дэгдээд байгаа энэ цаг үед хүүхэд хамгааллын сайн дурын ажилтны аюулгүй байдал, аливаа эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд шаардлагатай хэрэгсэл, халдвар хамгааллын багцыг дүүрэг бүрт хүлээлгэн өгч байна.
Сайн дурын ажилтнууд ажиллаж буй дүүрэг, орон нутгийнхаа Залуучуудын хөгжлийн төвүүдтэй хүүхэд, залуусын эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдлийг бууруулах ажилд сайн дураараа гар бие оролцон хамтран ажиллах бөгөөд тэдний Сайн дурын үйл ажиллагаанд оролцсон байдлыг бүртгэн ажлын үр дүн гүйцэтгэлийг үнэлэн баталгаажуулах юм.