Share Twitt Share

Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, хэрэгжилтийг хангахад Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтарч ажиллана

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл нар хамтын ажиллагааны санамж бичигт өнөөдөр /08.19/ гарын үсэг зурлаа.

Монгол Улсын хөгжлийн үндэс болсон гэр бүлийн тогтвортой байдал, гэр бүлийн харилцаа, гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, үр хүүхдээ асран хамгаалахад эцэг эх асран хамгаалагчид, олон нийтийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэхэд төр, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаа чухал бөгөөд хамтын ажиллагаагаар дамжуулан хүүхэд, өсвөр үеийнхэнд монгол ёс заншил, өв уламжлалыг таниулах, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжил хамгааллын асуудлаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг олон нийтэд хүргэх, таниулах, хэрэгжилтийг хангах чиглэлд олон талт арга хэмжээг зохион байгуулж ажиллах юм.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд

- Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Залуучуудын хөгжлийн дэмжих тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Ахмад настны тухай, Жендэрийн тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, түгээх;

- Монгол Улсын нийгмийн хөгжил дэвшилд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын хөгжил, боловсрол, соёл, төлөвшил, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах;

- Залуучуудад түүх, соёл, өв уламжлалыг сурталчлан таниулж, монгол дархлаа бүхий ёс зүйтэй зөв иргэн болгон төлөвшүүлэх нөлөөллийн арга хэмжээгээр дамжуулан соён гэгээрүүлэх, архигүй, хүчирхийлэлгүй эерэг нийгмийг бүрдүүлэхэд нөлөөлөх;

  • Иргэдийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийг дэмжих, гэр бүл, хүүхдийн  эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон талт арга хэмжээг орон нутгийн холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах зэрэг ажил хэрэгжих аж.