Share Twitt Share

МОНГОЛ УЛСАД ЗАЛУУЧУУДЫН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ, ХӨГЖСӨНИЙ ТҮҮХЭН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЬЕ

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөн өнгөрсөн 100 жилийн хугацаанд өөрийн цаг үедээ арвин түүхийг бичилцэж, үнэ цэнийг хамтдаа бүтээсэн үе үеийн залуучууддаа түүхэн ойн баярын халуун мэндийг дэвшүүлье.

Залуучуудын байгууллын түүх бол Монгол Улсын өнгөрсөн 100 жилийн түүх юм. Бүх цаг үеийн залуучууд идэвхтэй, оролцоотой байж, залуу хүний үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн гэдгийг 100 жилийн түүх бидэнд бэлхнээ харуулж байна. Монгол Улсыг өнөөдрийн хөгжилд хөтөлсөн үе үеийн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэл, Хувьсгалт залуучуудын төв хорооны тэргүүлэгч, гишүүн байсан ахмадуудын хийж бүтээсэн, захиж үлдээсэн зүйлсээс бид суралцаж, ирээдүйдээ уламжлан өвлүүлсээр байна. Залуучуудын төлөө, улс орныхоо ирээдүйн төлөө гар бие оролцож, амьдарлаа зориулсан Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн ахмадууддаа нийт залуучуудын нэрийн өмнөөс 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.

Манай улсын нийт хүн амын 31.7 хувь, хөдөлмөрийн насны хүн амын 49.2 хувийг залуучууд эзэлж байна. Монгол Улсын Их хурлаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэн баталж, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр төрөөс залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлогын эрх зүйн орчин бүрдсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улс “залуучуудын хөгжил” ийг хэрхэн ойлгох, тэдний хөгжих боломжийг тодорхой зааж өгсөн. Төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг тогтоож, нийгмийн хөгжилд оролцох оролцоо, эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн 7 бүлэг, 24 зүйлтэй хууль юм. Залуучуудын хөгжлийг дэмжих үндсэн 5 чиглэлийн хүрээнд хуулийн хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний тогтолцоог бэхжүүлж, Ерөнхий сайдын тэргүүлсэн Залуучуудын үндэсний зөвлөлийг иргэний нийгмийн байгууллага, холбогдох төрийн байгууллага, залуу эрдэмтдийн төлөөлөл, орон нутагт салбарлан ажиллаж байна.

21 аймаг, 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийн 32 төв төрийг төлөөлөн залуучуудын төлөө ажиллаж, сэтгэл зүйн үйлчилгээ, ажил, хөдөлмөрт холбон зуучлах, залуучуудын үзэл бодол, санал хүсэлтийг цахимаар, утсаар болон биечлэн хүлээн авах, гарааны бизнес, мэргэжил сонголтыг дэмжин туслах, сайн дурын ажлыг бүртгэх, баталгаажуулах, залуу гэр бүлийг, залуу малчдыг дэмжих, оюутан, залуучуудыг ажилд зуучилсан хөдөлмөрийн биржийг дэмжих, олон улсын залуучуудын хамтын ажиллагааг дэмжих зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа бол 436 Залуучуудын хөгжлийн зөвлөлд 6,217 залуучууд өөрийн хүсэлтээр оролцоогоо нэгтгэн, идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.

Монгол Улсын Залуучуудын байгууллага бол Азидаа хамгийн урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаа байгууллага гэж судлаачид үздэг төдийгүй олон улсын байгууллагууд манай улсыг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуультай, Залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөртэй, Залуучуудыг дэмжих төрийн байгууллагатай гэдгийг онцолж, залуучуудын салбарыг дэлхийд жишиг болохуйц авч явж байгааг сайшааж байв.

Улс орны хөгжил, дэвшлийг залуучуудгүйгээр төсөөлөхийн аргагүй. Оршин суугаа газар, шашин шүтлэг, боловсрол, нийгмийн байдлаас үл хамааран нийгэм, хүмүүнлэг шинжлэх ухааны бүх талбарт залуучуудын хүч, оролцоо хэрэгтэй байна. Залуучуудыг эх орныхоо хөгжил дэвшлийг улам өөдөө хөгжүүлнэ гэдэгт найдаж бас итгэж байна.

Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн бүлэг, шашин шүтлэг, хүйсийн байдлаас үл хамааран залуучуудад хийж бүтээх, эрхийнхээ төлөө дуу хоолойгоо хүргэх, оролцох боломжийг тэгш, хүртээмжтэй олгохын төлөө Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт хамт олон одоо ч, цаашид ч хичээнгүйлэн ажиллах болно.

Залуучууд бол соён гэгээрүүлэгчид, нийгмийг түүчээлэгчид. Залуучууд бол ирээдүй бөгөөд улс орныхоо ноён нуруу, хүчирхэг бүлэг юм. Тиймээс санаачилгатай, бүтээлч, оролцоотой байж Монгол Улсынхаа урт хугацааны, тогтвортой хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе.

Хүндэтгэсэн,

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ДАРГА БӨГӨӨД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Г.БАТДОРЖ