Share Twitt Share

Баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морины уралдаанд оролцсон хүүхдийн эрх, аюулгүй байдалд хийсэн хяналтын тайланг нэгтгэж, дүгнэлт, зөвлөмж боловсруулж хүргүүллээ

2021 оны 8 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд Дорнод, Ховд, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан Монголын Морин спорт, уяачдын холбооны 25 жил, Гиннесийн уралдааны 8 жилийн ойн хурдан морины уралдаан зохион байгуулагдсан.

Баруун, зүүн, төвийн бүсийн уралдааны зохион байгуулагчаар Монголын Морин спорт, уяачдын холбоо, “Алтай унага” морин спорт уяачдын холбоо, “Буган ажнай” морин спорт уяачдын холбоо, Дорнод аймгийн морин спорт уяачдын холбоо ажилласан.

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгийн Онцгой комисс, Засаг даргын Тамгын газар дэмжин ажиллаж, орон нутгийн төрийн байгууллагууд болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн байгууллага, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газрууд чиг үүргийн дагуух хяналтаа тавьж, хэв журмыг сахиулах, хүүхдийн эрх, аюулгүй байдалд хяналт тавьж,  аюулгүй  байдлыг хангуулах ажлыг зохион байгууллаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн эрхийн улсын байцаагч, мэдээллийн сангийн ажилтан, Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт 60 удирдлага, албан хаагчид тухайн бүсүүддээ хурдан морь унаач хүүхдийн эрх, аюулгүй байдалд хяналт хийж ажилласан.

Баруун бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагчдад Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн шаардлагыг /амаар/ тавьж ажиллалаа. Үүнд: Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах, уралдааны замыг услах, хурдан морины уралдаан дагах автомашины тоог цөөлж, хязгаар тогтоох, шүдэлгээ, хэмжилтээс хасагдсан морины хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж, эцэг эхэд нь хүлээлгэн өгөх,  гарааны зурхай дээр ажиллаж байгаа цагдаагийн байгууллагын ажилтны тоог нэмэх, гараанаас бурсан морийг залах, замд нь оруулах, хувцас хэрэгслийн хяналт тавих явцад морь хөтлөх ажилтны тоог нэмэх зэрэг шаардлага тавьж биелэлтийг хангууллаа.

Зүүн болон төвийн бүсийн уралдаанд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн байгууллага, Онцгой байдлын газрууд хамтран ажиллаж, зөрчлийг илрүүлэх, шалгах, арилгуулах арга хэмжээг шуурхай авч ажилласан байна.

Сэлэнгэ, Дорнод аймагт зам талбайн эвдрэл гэмтэл, тоос тоосонцор бага, Ховд аймгийн хувьд тоос тоосонцор ихтэй байв.

Хурдан морины уралдаанд оролцогч хүүхдүүдээс аймгуудын Эрүүл мэндийн байгууллага түргэвчилсэн оношлуураар ПГУ шинжилгээ авч, сөрөг хариу гарсан хүүхдүүдийг эмчийн ерөнхий үзлэгт хамруулж, цахим бүртгэл хийсэн. Ховд аймагт 3 хүүхэд эерэг хариу гарч, хамаарал бүхий бүхий хавьтагч нарт ПГУ шинжилгээ хийх, зохих үйлчилгээ үзүүлэх ажлыг аймгийн Шуурхай штаб зохион байгуулж ажилласан. 

Гурван бүсийн уралдаанд нийт 1667 хүүхэд цахим бүртгэлд бүртгэгдсэнээс 1620 хүүхэд уралдаанд оролцож, 48 хүүхэд мориноос унаж хөнгөн бэртэл гэмтэл авсан бөгөөд 11 хүүхэд эмнэлгийн анхан шатны үзлэг хоёр дахь шатны үзлэг, шинжилгээнд хамрагдаж,  3 хүүхэд эмнэлэгт хэвтэн ажиглалтад байсан.

Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төвийн бүсийн хурдан морины уралдаанд нийт 493 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс 478 уралдаанч хүүхэд гараанд гарч хурдан морины уралдааны явцад 10 хүүхэд мориноос унаснаас хөнгөн бэртэлтэй 3 хүүхэд, бэртэлгүй 7 хүүхдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг болон хоёр дахь шатлалын эмнэлэгт холбон зуучилж, шаардлагатай арга хэмжээг аван тухай бүр уяач болон эцэг эхчүүдэд хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан.  Уралдааны гараанд хэмжилтээс шалтгаалан хасагдсан давхардсан тоогоор 100 гаруй хурдан морины уралдаанч хүүхдийг уяачид асран хамгаалагч нарт бүрэн хүлээлгэн өгч ажиллалаа. Мөн морины уралдааны үеэр төөрсөн нэг хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эцэг эх асран хамгаалагчийг олж хүлээлгэн өгсөн.

Дорнод аймагт зохион байгуулагдсан зүүн бүсийн хурдан морины уралдаанд нийт 600 уралдаанч хүүхэд бүртгэгдсэнээс 589 уралдаанч хүүхэд гараанд гарч, уралдааны явцад 4 хүүхэд мориноос унаснаас хөнгөн бэртэлтэй 2 хүүхэд, бэртэлгүй 2 хүүхдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг болон хоёр дахь шатлалын эмнэлэгт холбон зуучилж, шаардлагатай арга хэмжээг аван тухай бүр уяач болон эцэг эхчүүдэд хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан. Уралдааны үед хувцас хэрэгслийн стандартыг хангаагүй хүүхэд гараагүй. Уралдааны гараанд хэмжилтээс шалтгаалан хасагдсан 151 уралдаанч хүүхдийг уяач, асран хамгаалагч нарт бүрэн хүлээлгэн өгч ажилласан. 

Ховд аймагт зохион байгуулагдсан баруун бүсийн уралдаанд  574 хурдан морины уралдаанч хүүхдийг цахим бүртгэлд бүртгэж, 553 хүүхэд гараанд гарч хурдан морины уралдааны явцад 34 хүүхэд мориноос унаснаас хөнгөн бэртэлтэй 6, бэртэлгүй 28 хүүхдийг эрүүл мэндийн анхан шатны үзлэг болон хоёр дахь шатлалын эмнэлэгт холбон зуучилж,  эхо, томограф, рентген шинжилгээ хийлгүүлж, шаардлагатай арга хэмжээг авч, уяач болон эцэг эхчүүдэд хүлээлгэн өгч, даатгалын компанид холбон зуучилсан.

Бүсийн уралдаанд “Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018” стандартын дагуу хурдан морины уралдаанч хүүхдийн хувцас, хэрэгслийг шалгаж, аюулгүй байдалд хяналт тавихын сацуу хурдан морины уралдаан зохион байгуулагчдад зохих шаардлагуудыг тухай бүр тавьж ажилласан.

Нийт уралдаанд оролцсон хүүхдүүдийн 98% хувь нь хантаазтай, 70 хувь нь стандартын малгайтай, 90 хувь нь стандартын өвдгөвч тохойвч өмссөн байв. Баруун бүсийн хурдан морины уралдаанч хүүхдийн хувцас хэрэгсэлд хяналт тавих явцад стандартын шаардлага хангасан хувцас өмсөөгүй 13 хүүхдийг илрүүлж, стандартын хувцас өмсгөж уралдаанд оролцууллаа. Ховд аймгийн Засаг даргын шийдвэрээр 30 хүүхдэд хамгаалалтын хувцсыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр  олгосон байна.

Стандартын бус малгай өмссөн, өвдгөвч тохойвчгүй, стандартын бус ташуур хэрэглэсэн, гуталгүй уралдахаар ирсэн, биедээ богино долгионы станц, чихэвч хэрэгсэл авч явсан, хувцас биеийг нь скочоор ороож бэхлэх, урт суран оосор, резинэн утас, чулуугаар хийсэн дүүгүүр, гал асаагуур, гялгар уут, хадаг, шүгэл биедээ авч гарахыг оролдсон зэрэг 36 тохиолдлыг илрүүлж таслан зогсоосон.

 

Хураагдсан зөрчилтэй зүйлс

Баруун бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагч байгууллага болон дэмжигч байгууллагын хамтын ажиллагаа сул,  замын тоос тоосонцор их, хуурайшилттай байв. Баруун, зүүн, төвийн бүсийн хурдан морины уралдаанд морь унаж оролцсон хүүхдийн эрх, аюулгүй байдалд хийсэн хяналтын тайланг нэгтгэж, дүгнэлт үйлдэж, Монголын морин спорт, уяачдын холбоо болон уралдаан зохион байгуулсан аймгуудын Засаг дарга нарт зөвлөмж боловсруулан хүргүүллээ.

 

Зөвлөмж:

  1. Монголын Морин спорт, уяачдын холбоонд

Монголын Морин спорт, уяачдын холбоо нь Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжийн газар, Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тавьсан шаардлагыг хүлээн авч ажилласан хэдий ч дараах асуудалд анхаарах шаардлагатай байна. Үүнд:

  • Орон нутгийн Морин спорт уяачдын холбооны удирдлага, гишүүдийн хүүхдийн эрх, аюулгүй байдал, хүний эрхийн талаарх ойлголт хандлагыг сайжруулах, нэгдсэн бодлого зөвлөмж гаргаж, мөрдөх;
  • Хурдан морины уралдаанд оролцогч нарт хүүхдийн эрхийн талаарх зохих мэдээлэл, зөвлөмжийг хүргэх, ялангуяа уралдаанч хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээ, мэдээллээр хангаж, төрийн байгууллагаас тавьж байгаа шаардлага, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн биелэлтийг хангаж ажиллах;
  • Уяачдын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлж, ашиглах, холбооноос баримтлах бодлого, дүрэм, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг сурталчлан таниулах, хүүхдийн  эрх ашгийг зөрчсөн уяачид тавих хяналтаа сайжруулж, хариуцлагажуулах ажлыг зохион байгуулах;
  • Аливаа уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахдаа зам талбайн аюулгүй байдал, тоос, тоосонцор, замын эвдрэл зэргийг засаж, аюулгүй байдлыг хангах ажлыг бүх түвшинд сайжруулах;
  • Уяачидтай хариуцлагын гэрээ байгуулах;
  • “Үндэсний их баяр наадмын хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэглэл, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018” стандартын биелэлтийг сайжруулж, уяачдыг мэдээ, мэдээллээр хангах, уралдаанч хүүхэд бүрийг стандартын хувцас, хэрэгслээр хангах төсөл хөтөлбөрийг санаачлан зохион байгуулах зэрэг бодитой ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх;

2.Аймгийн Засаг дарга нарт:

  • Орон нутагтаа зохион байгуулагдаж байгаа хурдан морины уралдааны үед тавих хяналт, зохион байгуулалтыг сайжруулж, салбар дундын уялдаа холбоог хангах, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг эн тэргүүнд авч үзэн ач холбогдол өгөх;
  • Хурдан морины уралдааны үед гарааны төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангаж, зориулалтын тор, төмөр  ашиглах, сайжруулах;
  • Хурдан морины уралдааны замын эвдрэл, гэмтэл, тоос тоосонцрыг бууруулах, засах арга хэмжээг авахд
  • Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажлын уялдаа холбоог сайжруулах, чиг үүргийн ажлаа хангалтгүй хийж гүйцэтгэсэн байгууллагатай хариуцлага тооцох;
  • Хөдөлмөр эрхэлдэг, айлд хурдан морь унадаг хүүхдийн судалгаа мэдээллийг аймгийн хэмжээнд гаргаж, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, хамгааллын асуудалд онцгойлон ач холбогдол өгч ажиллах;
  • Хурдан морь унаж бэртэж гэмтсэн хүүхдийн эрүүл мэндийн байдал, эрүүл мэндийн хувьд бүрэн эдгэрч, нөхөн сэргээгдэх хүртэлх хяналтыг тавьж ажиллах;
  • Хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг алдагдуулсан уяачид тооцох хариуцлага, арга хэмжээг сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах;
  • Аймгийн хэмжээнд хурдан морь уядаг уяачдад хүний эрх, хүүхдийн эрх, аюулгүй байдлын талаарх холбогдох хууль, тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, ойлголт мэдлэгийг сайжруулах;
  • Нутаг дэвсгэрийн хэмжээнд гарсан зарим сургамжийн хор холбогдол, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, зөвлөгөө мэдээллийг олон нийтэд түгээх зэрэг ажилд хороо, баг бүр дээр сайн дурын ажилтнуудыг татан оролцуулах;  
  • Орон нутгийн хэмжээнд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангахад бий болсон туршлага, амжилтаа бататгаж, тогтвортой үргэлжлүүлэхэд анхаарал хандуулах шаардлагатай байна.