Share Twitt Share

Газар хөдлөлтийн үед өөрийгөө болон гэр бүлээ мөн бусдыг хэрхэн хамгаалах вэ?

Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд өнөөдөр өглөө 05:32 цагаас эхлэн 4.6-6.5 магнитудын, Улаанбаатар хотод 4-6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн. 

Тэгвэл энэ онцгой нөхцөл байдлын үед иргэн та өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ мөн бусдыг хэрхэн авран хамгаалах талаар мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.  

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

 Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

 -Тайван бай, үймж сандрах хэрэггүй

-Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.

-Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх

-Бат бөх ширээн доогуур орох

-Цонхноос хол байх

-Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх

-Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

 Газар хөдлөх үед гадна байгаа бол:

 -Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох

-Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй

-Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох

-Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх

-Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах

-Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй

-Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

 Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

 -Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах

-Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах

-Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах

-Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй

-Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх

-Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах

-Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах

-Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй

-Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх

-Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/

-Гал гаргаж болохгүй

-Өөрийн тамир, тэнхээгээ гамнах

-Шилний хагархай байх тул гутлаа өмсөх

-Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх

-Цахилгаанаа яаран бүү залга

-Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах