Share Twitt Share

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл хуралдлаа

Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдааныг өнөөдөр цахимаар зохион байгуулав.Хуралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн А.Ариунзаяа удирдаж Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийн 2019-2020 оны хэрэгжилт болоод Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний талаар харилцан санал солилцлоо.

Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн Л.Оюун-эрдэнэ нээв.

Тэрбээр Залуучуудын хөгжлийн тухай хуулийн дагуу залуучуудын хөгжил оролцоог дэмжих, салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, анхны хурлыг зохион байгуулж байгаад амжилт хүслээ.

 Мөн 2021 онд Залуучуудын байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиосон түүхэн жил болж байгааг онцлон дурдаад залуучуудын хөгжлийг дэмжих асуудал дан ганц байгууллагын ажил биш, хүүхэд, залуучуудын асуудалд хүн бүр, салбар бүр чухал үүрэгтэйг цохон тэмдэглэв.

 Залуучуудын үндэсний зөвлөлийн гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн хэрэгжилтийг хангах, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал болохыг дурдсан юм. Мөн тэрбээр “Засгийн газрын зүгээс залуучуудын хөдөлмөр эрхлэлт, орон сууц, боловсрол, старт ап, бизнесийг дэмжсэн олон шинэлэг бодлогуудыг дэвшүүлж байгаа. Эдгээр бодлогуудын хэрэгжилтийг салбарын яамд, үндэсний зөвлөлийн гишүүд та бүхэн залуучууддаа танилцуулж, залуучуудын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх ёстой” гэсэн юм.

 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн А.Ариунзаяа “Залуучуудын хөгжил, оролцоог дэмжих бодлого,үйл ажиллагаа: зорилт ба сорилт” сэдэвт илтгэл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Батдорж “Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны төлөвлөгөөний төслийн тухай танилцуулга” сэдэвт илтгэлийг танилцууллаа.

 

Хуралдаанаар эдгээр танилцуулга илтгэлүүдтэй холбоотой санал, асуулт хариулт, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг мөн хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар батлав.

Манай улсын 21 аймаг, 9 дүүрэг, 3 суманд залуучуудад хөгжлийн үйлчилгээг хүргэх Залуучуудын хөгжлийн 33 төвийг байгуулан залуучуудын хөгжил, соёл, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний нийгмийн амьдрал, сайн дурын болон хүмүүнлэгийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэмжин ажиллаж байна.