Share Twitt Share

"Өнөр бүл" төвийн хүүхдүүд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

Хүүхдүүдийнхээ дотоод ертөнц, авьяас чадварыг нээн илрүүлж, урлагаар дамжуулан нийгэмшүүлж, төлөвшүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөгжүүлэх зорилгоор байгальд ээлгүй хог хаягдлыг ашиглан урласан бүтээлүүдээрээ “Өнөр бүл” төв Монголын Үндэсний музейн Үзэсгэлэнгийн танхимд 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 10-ны өдөр хүртэл “Баясгалантай ирээдүй” сэдэвт бүтээлийн үзэсгэлэнг үнэ төлбөргүйгээр гаргаж байна.
Тус үзэсгэлэнд уран зураг, хайчилбар, сийлбэр, баримал, арьсан хөөмөл зэрэг уран зургийн төрлийн 70 гаруй төрлийн бүтээл, олсон урлал, шигтгээн наамал, хүүхэлдэй урлал, зөөлөн тоглоом, ханан чимэглэл, модон урлал, зүймэл урлал, хаягдал материал ашигласан бүтээл зэрэг чимэглэлийн урлалын 200 гаруй бүтээл бий. Хаягдал бүтээгдэхүүнээр бүтээл урлаж сурснаар хүүхдүүдийн бүтээлч сэтгэхүй хөгжихөөс гадна гоо зүйн мэдрэмжтэй, байгаль орчноо хайрлан хамгаалдаг, эх оронч, өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвартай иргэн болж төлөвшдөг ажээ.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа “Өнөр бүл” төв 2017 онд “Миний ертөнц”, 2018 онд “Хог бол баялаг”, 2019 онд “Эх дэлхийгээ хайрлая” сэдвийн хүрээнд уран зураг болон чимэглэлийн урлалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, сурч мэдсэн зүйлсээ иргэд, олон нийтэд тайлагнасан билээ.