Share Twitt Share

ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг Монгол Улсын төрийн шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнууллаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүл, хүүхэд хөгжил, хамгааллын газрын дарга Начиндагва овогтой Өлзийхутаг нь төрийн албанд 25 жил, гэр бүл, хүүхдийн салбарт 20 жил ажиллаж, салбарын мэргэжилтнүүдийг төрөөс гэр бүлийн талаар баримтлах бодлого, чиглэлийн талаар арга зүйгээр ханган ажиллаж, 2000 онд Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхдийн төлөө 1,2 дугаар зэргийн одонгоор, 2010 онд Монгол Улсын төрийн шагнал “Алтан гадас” одонгоор, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, 2017 онд Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнагдаж байсан бол өнөөдөр “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-гоор шагнуулж, хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж байна.
Хүүхдийн байгууллагын хөгжлийн бүхий л үе шатуудад мэргэжлээрээ тасралтгүй ажиллах хугацаандаа хараа хяналтгүй хүүхдийн халамж хамгааллын асуудалд анхаарч, халамжийн төвүүдийг байгуулах, тэдний эрүүл мэндийг хамгаалж вакцинд хамруулах, бичиг баримтжуулах ажлыг хэрэгжүүлж, Хүүхдийн зусланг Хөгжлийн төв болгох, нийслэлийн хүүхдийн “Хойчийг залгамжлагч” чуулган, Нийслэл дүүргүүдийн хүүхдийн зөвлөлийг санаачлан ажиллуулах, хүүхдийн урлагийн “Яргуй” наадам, хүүхдийн яруу найргийн “Хүрэл тулга” наадам, нийслэлийн хүүхдийн “Таван цагариг”, “Уран хөдөлгөөнт гимнастик” зэрэг спортын наадам, замын хөдөлгөөнийг сурталчлах “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн, Хотуудын хүүхдийн чуулган зохион байгуулах зэрэг ажлуудыг шинээр санаачлан зохион байгуулж, уламжлалт ажил болгох талаар үр бүтээлтэй ажилласан юм.
Мөн тэрбээр Монголын Скаутын холбоог үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд хүүхдийн оролцоог хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулан Баянзүрх дүүргийн Скаутын холбооны удирдагчийн сонгуульт ажлыг 1992-2000 он хүртэл амжилттай гүйцэтгэж байв.
Н.Өлзийхутаг нь 2016 оноос ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан нэгжийг удирдан ажиллаж, Монгол гэр бүлийн хөгжлийг судлах, гэр бүлд чиглэсэн үйлчилгээг хөгжүүлэх, гэр бүлийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, гэр бүлийн тогтвортой байдлыг хангахад эрх зүйн орчинг сайжруулахад анхаарч, олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.