Share Twitt Share

Хараацай зуслангийн нөхцөл байдалтай танилцлаа

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж Даваа гаригт/06.14/ Хүүхдийн асрамж халамжийн төвүүдийн төлөөлөлтэй цахимаар хуралдаж, нөхцөл байдлыг нь сонссон. Хурлын үеэр “Өнөр бүл” хүүхдийн төвийн мэдэлд байдаг Хараацай зуслангийн нөхцөл байдал хүнд байгаагаас зусланд гарсан хүүхдүүдээ буцаасан тухайгаа тус төвийн дарга М.Өлзийчимэг хэлж байсан. Өчигдөр /06.16/ ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж, ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхдийн ажил үйлчилгээ, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Санжид нар Хараацай зуслангийн нөхцөл байдалтай танилцлаа.

Өнөр бүл хүүхдийн төв нь төрөөс зайлшгүй асран хамгаалах хэрэгцээ үүссэн 2-18 хүртэлх насны хүүхдийг хүлээн авч, гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын болон хүүхэд асрах хувилбарт үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа төрийн үйлчилгээний онцгой байгууллага юм.

Тус төвийн Хараацай зусланд “Өнөр бүл” төвийн хүүхдүүд нэг ээлжээр зуны гурван сарын турш амардаг ч одоогоор зусландаа амрах боломжгүй байна.

“Өнөр бүл” төвийн дарга М.Өлзийчимэг жил бүр нөхцөл байдал хүндхэн байдаг гэлээ. Өнгөрсөн хугацаанд тусламж, дэмжлэг, санхүүжилтээр засвар хийж байсан ч тэр нь будах, хулдаас солихоос хэтэрдэггүй ажээ. Харин 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх зуслангийн үйл ажиллагаатай танилцан, 100 сая төгрөгийн дэмжлэг шийдэж өгснөөр дээврээ засуулж байжээ.

1982 онд баригдсан Хараацай зуслангийн байр нь охид, хөвгүүдийн байр, гал тогоо, эрэгтэй эмэгтэй ариун цэврийн байр, цэцэрлэгийн насныхны нийт 7 байртай. Борооны үед дээврээс ус гоождог, зарим цахилгааны монтаж гэмтсэн, үерийн уснаас үүдэн худгийн ус булингартсан, бохирын ус дүүрч ашиглах боломжгүй болсон, байшингууд суурьгүйгээс зарим байрнуудын доогуур ус тогтоолсон байдалтай байна.

Байгалийн давтагдашгүй хүчин зүйлээс үүдэн нөхцөл байдал хүндэрдэг ч энэ ганц асуудал биш аж. Байшингуудын ашиглалтын насжилтаас шалтгаалан шат, суурийн моднууд хэврэгшиж хөгцөрчээ.

Үүссэн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагуудад танилцуулж, асуудлыг шийдэхэд анхаарал хандуулж ажиллана гэдгээ ГБХЗХГ-ын дарга Г.Батдорж хэллээ.