Share Twitt Share

Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэг хуралдлаа

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын үед Засгийн газрын  2019 оны 201 дүгээр тогтоолоор батлагдсан “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхарын ахалсан Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг хүүхдийн эрхийг хамгаалах,  тусламж, дэмжлэг үзүүлэх салбар дундын бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөлт, зохицуулалтыг ханган ажиллаж байна.

Хүүхдийн эрх, хамгааллын талаарх  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжил, хамгааллын үйл ажиллагааг нэгдсэн бодлого, төлөвлөлт, зохицуулалттайгаар хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий  2017 онд байгуулагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны А/74 дүгээр тушаалаар  шинэчлэн баталсан.

“Хүүхдийн хөгжил, хамгааллын салбар дундын ажлын хэсэг”-ийн өнөөдрийн  хурлаар  хүүхдийн эрх хамгааллын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн  үнэлгээ, зөвлөмжийг сонсож,  салбар дундын бодлого, үйл ажиллагааг  хэлэлцлээ.

- Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Хүүхэд хамгааллын салбар дундын бүлэг,мэргэжлийн ангийн  төлөвлөгөөний хэрэгжилт

- Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө

- Өсвөр үеийнхэнд  сэтгэцийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх салбар дундын зураглал

- Хүүхэд хамгааллын тухай хуулийн үнэлгээний үр дүн, зөвлөмж

-  Хүүхдийн эрхийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан, зөвлөмж

- Цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх “WE PROTECT” хөтөлбөрийн хэрэгжилт

Цаашид хүүхдийн эрхийг хамгаалах, хөгжил, оролцоог дэмжих асуудлаар цаг тухай бүр шуурхай арга хэмжээ авч,  салбар дундын уялдаа холбоог сайжруулах, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг салбар бүрт эрчимжүүлж, үр дүнг үнэлэх, хүүхэд, гэр бүлд үзүүлэх үйлчилгээний чанар, арга зүйг сайжруулахад ажлын хэсгийн гишүүдийг анхаарч ажиллахыг чиглэл болголоо.