Share Twitt Share

Хүүхдийн зуслангийн удирдлага, албан хаагчдад зориулсан цахим сургалт эхэллээ

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудын удирдлага, албан хаагчдад зориулсан цахим сургалтыг өнөөдөр эхлүүллээ.

Хүүхэдтэй ажиллах арга зүй, эрүүл аюулгүй орчинд сурч, хөгжих, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, зуслангийн үйлчилгээний талаар арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой энэхүү сургалт хоёр үе шаттайгаар гурван өдөр үргэлжилнэ. Сургалтын эхэнд Хүүхдийн хөгжил, зуслангийн талаар баримталж буй бодлогын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж танилцуулж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшлийн нийт 45 зуслан байдгаас 37 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. 2019 онд ХНХЯ-аас Хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа, Ерөнхий шаардлага MNS5633:2019 стандартыг шинэчлэн баталж, Хүүхдийн зусланд хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөр шинээр боловсруулж баталсан. Өнөөдрийн сургалтын хөтөлбөрт дээрх стандарт, хөгжлийн хөтөлбөрийн агуулга багтсанаас гадна “Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам" болон “Цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам”-ууд мөн багтсан юм.

Өнөөдрийн /07.05/ сургалтад зуслангуудын удирдлага, бүлгийн удирдагч, эмч, тогооч, захиргааны ажилтан зэрэг 100 гаруй албан хаагчид хамрагдлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГБХЗХГ-аас Хүүхдэд зориулсан хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлж, чанар хүртээмжийг сайжруулан, хүүхэд бүр хөгжлийн үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд хүүхдийн зуслан, ордон, хөгжлийн төв, өдөр өнжүүлэх төв, дугуйлан, хүүхдийн оролцооны клубийн багш, ажилтан, чиглүүлэгч нарт зориулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих арга зүй”,  “Тоглоомын арга зүй”-н гарын авлагыг Монголын Үндэсний зуслангуудын холбоо ТББ-тай хамтран боловсруулсан. Мөн Хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг олон нийтэд таниулах замаар хүүхдийн зусланд хамрагдалтыг нэмэгдүүлэх,  монгол өв соёл, үндэсний урлаг, спортоор дамжуулан хүүхдийн хөгжих эрхийг хангахад чиглэсэн зарим арга зүйг шинээр боловсруулан хэрэгжүүлсэн.

2020 онд коронавируст цар тахлын үед ажиллах хүүхдийн зуслангийн үйл ажиллагааны чиглэл, эрүүл ахуй, халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагаа, амрагч, байгууллага болон ажилтны хүлээх үүрэг, хариуцлагатай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор Монгол Улсын Шадар Сайд 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “Коронавируст халдварын цар тахлын үед хүүхдийн зуслан ажиллуулах түр журам”-ыг батлуулж, 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 22 хүүхдийн зуслан тус журмыг мөрдөн үйл ажиллагаагаа явуулсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан журмыг үргэлжлүүлэн мөрдөх эсэхийг УОК-оос шийдвэрлэнэ.