Share Twitt Share

Хурдан морь уралдаанч хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахад хамтран ажиллах санал хүргүүллээ

Дорнод, Сэлэнгэ, Ховд аймгийн Онцгой комиссын шийдвэрээр тус аймгуудад 08 дугаар сарын 06-аас 08-ны өдрүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооны 25 жилийн ой, Генисийн уралдааны 8 жилийн ойн хүрээнд бүсийн хурдан морины уралдаан зохион байгуулагдахаар болсон байна. Уг шийдвэр гарсантай холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Ховд, Дорнод, Сэлэнгэ аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, түүний удирдлагад Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 06 дугаар сарын 30 ны өдрийн “Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх тухай” 02 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн хурдан морины уралдаанч хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллах санал хүргүүллээ.
Үүнд: 1. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын байгууллагаас ажлын хэсгийн бүрэлдэхүүн томилж, хурдан морины сунгаа, үсэргээ, уралдаан зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаанд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангуулах, уяачид, эцэг эхчүүдэд зөвлөмж мэдээлэл өгч, зөрчлийг илрүүлэх, хариуцлага тооцох, хяналт тавих үүргийг гүйцэтгэх;
2. Монголын Морин спорт уяачдын холбооны салбар зөвлөлтэй байгуулах хариуцлагын гэрээнд хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр дараах асуудлыг тусгах,
- “Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавигдах шаардлага MNS6264:2018" стандартын хувцас хэрэгслийг хүүхэд бүрт бүрэн өмсгөх,
- Уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулах,
- Уяачид уралдаанч хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулсан байх;
- Хурдан морины уралдааны зам талбайн аюулгүй байдлыг шалгаж, засах,
- Хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд Ковид-19 халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуураар хариу нь сөрөг гарсан уралдаанч хүүхдийг оролцуулах;
3. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар байгууллагын автомашинтай хурдан морины уралдаан дагаж, хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, хяналт тавих чиг үүргийг гүйцэтгэх боломж нөхцөлөөр хангах;
4. Коронавируст халдвар Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн байгууллагын гаргасан зөвлөмж, журмыг мөрдөж, хяналт тавихад онцгой анхаарах зэрэг арга хэмжээг аймгийн хэмжээнд зохион байгуулж Коронавируст халдвар Ковид-19 цар тахлын үед хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг ханган хариуцлагатай уралдаан зохион байгуулах санал хүргэлээ.