Share Twitt Share

Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх арга зүйн сургалт зохион байгуулагдлаа

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 08 дугаар сарын 02-оос 06-ны өдрүүдэд “Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан” ажиллуулахад нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах зорилготой цахим сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төслийн залуустай хамтран зохион байгуулж байна.
Сургалт хоёр үе шаттай бөгөөд ҮҮНД:
1. Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан ажиллуулахад тэднийг удирдлага арга зүйгээр хангах суфервайзерийн сургалтыг цахим хэлбэрээр 08 дугаар сарын 02-оос 03-ны өдрүүдэд,
2. 08 дугаар сарын 04-өөс 05 ны өдрүүдэд Хүүхэд хамгааллын чиглэлээр сайн дурын ажил хийх хүсэл сонирхолтой 18 –аас дээш насны залуучууд, сайн дурын ажилтнуудад зориулсан сургалт тус тус зохион байгуулагдана.
Мөн сургалтад МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн багш нар сургалт, арга зүйгээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцож байна.
Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, хүүхдэд ээлтэй эрсдэлгүй орчин бүрдүүлэх, гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн оролцоог чухалчлан, хүүхэд хамгааллын салбарт сайн дурын ажилтны үүрэг оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна.
Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гамшиг, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан ажиллуулах зөвлөмж боловсруулж, харьяа байгууллагууд болон сайн дурын үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлэх юм. Мөн сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, сайн дурын эргүүлийг ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, холбогдох байгууллагад уламжлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Цаашид Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн санаачилгыг өрнүүлэхэд Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтны идэвх, оролцоо, санал санаачилгыг чиглүүлэн, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэхэд хамтарч ажиллах юм.