Share Twitt Share

300 орчим хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэгдлээ

Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулж, хүүхдэд ээлтэй эрсдэлгүй орчин бүрдүүлэх, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхээр ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН САЙН ДУРЫН АЖИЛТАН бэлтгэх сургалтыг дөрвөн өдрийн турш хоёр үе шаттайгаар зохион байгууллаа.
Эхний шатны арга зүйн сургалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Залуучуудын хөгжлийн төвүүдийн 100 орчим мэргэжилтэн хамрагдсан бол хоёрдугаар шатны сургалтад 18-аас дээш насны сайн дурын ажил хийх сонирхолтой 200 орчим иргэд хамрагдлаа. Оролцогчдод БАТЛАМЖ цахимаар илгээж, баталгаажуулсан бүртгэлийн дугаараар сайн дурын ажлыг нь бүртгэх юм.
Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд гамшиг, онцгой байдлын үед хүүхэд хамгааллын сайн дурын ажилтан ажиллуулах зөвлөмж боловсруулж, харьяа байгууллагууд болон сайн дурын үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад хүргүүлэх юм. Мөн сургалтад хамрагдсан сайн дурын ажилтнууд орон нутагтаа гэр бүл, хүүхдийн хүчирхийллийг бууруулах, сайн дурын эргүүлийг ажиллуулах, хүүхдийн эсэн мэнд амьдрах, хөгжих, тоглох орчны аюулгүй байдлын эрсдэлийг тодорхойлон зураглал гаргах, холбогдох байгууллагатай уламжлах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Энэхүү сургалтыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр "Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө" төсөлтэй хамтран хэрэгжүүллээ.
Мөн сургалтад МУБИС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн багш нар сургалт, арга зүйгээр дэмжлэг үзүүлэн хамтран оролцлоо.
Цаашид Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, олон нийтийн санаачилгыг өрнүүлэхэд Хүүхэд хамгааллын сайн дурын ажилтны идэвх, оролцоо, санал санаачилгыг чиглүүлэн, хүүхэд хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэхэд хамтарч ажиллах юм.